Хууль эрх зүй
Аялал жуулчлалын тухай хууль 2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, жуулчны үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж 2.1.Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль1, Газрын тухай2, Байгаль орчныг хамгаалах тухай3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль4 болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар бол түүнтэй холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг; 3.1.2."аялал жуулчлалын байгууллага" гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг; 3.1.3."аялал жуулчлалын бүс нутаг" гэж Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутгийг; 3.1.4."аялал жуулчлалын бүтээгдэхүүн" гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээг; 3.1.5."жуулчин" гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг; 3.1.6."жуулчны үйлчилгээний байгууллага" гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг жуулчинд үзүүлж байгаа байгууллагыг; 3.1.7."хөтөч-тайлбарлагч" гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүнийг. /Энэ заалтад 2001 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./ 3.1.8. “дээд зэрэглэлийн зочид буудал” гэж зочид буудлын цогц үйлчилгээний жишиг шаардлагын 3 ба түүнээс дээш од бүхий зэрэглэлийг хангасан үйлчилгээний байгууллагыг.. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Аялал жуулчлалын байгууллага
4 дүгээр зүйл.Аялал жуулчлалын байгууллага, түүний ангилал 4.1. Аялал жуулчлалын байгууллага нь дараахь үйл ажиллагаа эрхэлнэ: 4.1.1. аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, бөөнөөр болон жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах; 4.1.2. виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх; 4.1.3. онгоц, төмөр зам болон тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах; 4.1.4. зочид буудал, жуулчны бааз, байр, үзвэрийн захиалга хийх; 4.1.5. жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах. 4.2. Аялал жуулчлалын байгууллагыг туроператор, турагент гэж ангилна: 4.2.1. туроператор нь энэ хуулийн 4.1.1-4.1.5-д заасан үйл ажиллагаа эрхэлнэ; 4.2.2.турагент нь энэ хуулийн 4.1.2-4.1.5-д заасан үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл түүний тодорхой хэсгийг, түүнчлэн туроператорын бүтээгдэхүүнийг зуучлан худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлнэ.
5 дугаар зүйл. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
5.1. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/. 5.2. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь бичиг баримт бүрдүүлнэ: 5.2.1. дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын архитектур төлөвлөлт, техник, технологийн болон инженерийн системийн М1:100 ба М1:200 масштабын тойм зураг, холбогдох хяналтын байгууллагын дүгнэлт; 5.2.2. дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын стандарт, ангилал, зэрэглэл, техник, технологийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт; 5.2.3. дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох комиссын дүгнэлт. 5.3. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
|