Бодлого, шийдвэрМонгол Улсын бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр Засгийн газрын 2006 оны 54 дүгээр тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 1. Боловсролын хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүний хөгжлийн түвшинг ахиулах; 2. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажиллагчид бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын дэвшилттэй арга, хэлбэрийг ашиглан ажиллагсдын зах зээлд өрсөлдөх ур чадвар, чадавхийг нэмэгдүүлэх; 3. Эдийн засгийн бодит өсөлтийг тогтворжуулж, түүний үр шимийг иргэн бүр хүртэхүйцээр нийгмийн баялгийн хуваарилалтыг оновчтой болгож, дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх; 4. Хөдөлмөр эрхлэж орлогоо нэмэгдүүлэхэд нь бичил зээл, санхүүгийн бусад дэмжлэг үзүүлэх замаар ядуурлыг бууруулах; 5. Иргэдэд газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх тааламжтай орчин бий болгох, бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх; 6. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэлтийг дэмжих дэд бүтэц, татвар, санхүүгийн тааламжтай орчин бий болгон ажлын байр нэмэгдүүлж ажилгүйдлийг багасгах; 7. Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж, “Мянганы зам”-ыг барих ажлыг үргэлжлүүлэх, эрчимжсэн хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах; 8. Засаг захиргааны хуваарийг үе шаттайгаар боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах, “Цахим засаглал”-ыг хөгжүүлж, төрийн үйлчилгээний үр ашиг, шуурхай байдлыг нэмэгдүүлэх замаар хүнд суртал, авилгалын илрэлтэй тэмцэх; 9. Байгаль хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, байгаль орчны доройтол, агаарын бохирдлыг багасгах; 10. Уул уурхай, эрдэс баялгийн салбарыг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай болгох, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай бодлогыг тууштай баримтлан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах.
МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР Аялал, жуулчлалын салбарын хөгжил Үндэслэл: Баруун бүсэд унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон үндэстэн ястны өвөрмөц ахуй, зан үйл, түүх, соёлын эртний дурсгалууд зэрэг дотоод, гадаадын зочид жуулчдыг татах ихээхэн нөөц боломж байна. “Аялал жуулчлалыг 2015 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-нд баруун бүсийг байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхол татахуйц бүс болгохоор тусгажээ. 1966 онд ЮНЕСКО-гоос Ховд хотын дэргэдэх Ямаат-Улаан гэдэг нүцгэн улаан буурал уул, Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуй, мөн дархан цаазат Отгонтэнгэр уулыг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Мөн 1997 онд Увс нуурын ай савын Дархан цаазтай газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулан авчээ. Улаангом хотын дэргэдэх Чандмань Улаан уулын археологийн олдвор нь эртний түүх, соёлын нандин өвд зүй ёсоор тооцогддог. Эдгээрийг дэлхий дахинд өргөн сурталчилж, жуулчдын сонирхлыг татах олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, баруун Монголын олон ястны амьдрал ахуй зэргийг сонирхуулах өргөн боломжтой. Зэгс, хулсан шагшуурга дунд завиар аялан, ховор жигүүртэн шувууд болон усны амьтдыг үзэх, загасчлах чиглэлээр Увс нуур, мөн Хар-ус нуурын өмнөд эргээр аялал жуулчлалын бааз байгуулах нөөц байна. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Алтай Таван богд, Цамбагарав, Цэнгэл хайрхан, Мөнх хайрхан, Цагаан дэглий, Цагаан шувуут, Түргэний нуруу, Хархираа зэрэг өндөр уулсад уулын спорт, Тэс Түргэн, Хархираа, Хангилцаг зэрэг түргэн урсгалт голуудаар, мөн Ховд аймгийн Хар-ус нуурын хойд эргээр усан спорт хөгжүүлэх боломж бас байна. Баруун бүсэд түүх-археологийн болон шашин угсаатны зүйн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байна. Иймд Баруун бүсэд төрөл бүрийн аялал жуулчлаыг үндсэн ба туслах маршрутаар хөгжүүлж, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг салбар болгон хөгжүүлэх шаардлагатай байна. Нэгдүгээр үе шат / 2006-2010он/ : Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсэд аялал жуулчлалыг эдийн засгийн бие даасан салбарын хэмжээнд хүргэж оновчтой хөгжүүлнэ.
|